Бөмбөгөр сум

Бөмбөгөр сумын үүссэн түүх

Анх Дашдорж гүний хошуу нь баруун зүүн гэсэн хоёр сумтай, сум бүр 3 багтай байсан бол 1923 оны зун Баянхонгор хайрхан уулын хошуу болгон зохион байгуулахдаа түүний дотор багтааж Баянхонгор, Бөмбөгөр, Хуримт, Зүрх хайрхан, Цогт хайрхан, Цагаан гол, Цагаан хайрхан, Баяннуур, Эрдэнэтээл зэрэг 12 сум байгуулснаар Баянхонгор Бөмбөгөр сумын бие даасан түүх эхэлсэн. Улмаар 1931 оноос тус хошуунд Номун хан хутагтын шавь Дархан гүний хошууг нэгтгэж Баянхонгор хайрхан уулын хошуунд Баянхонгор, Мандал, Бөмбөгөр, Баацагаан гэсэн 4 сум багтаж байсан билээ.

Дашдоо гүний хошууны шинэ түүх

Халхын сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошууны талаар эрдэмтэн судлаачдын ном сударт дэлгэрэнгүй өгүүлсэн байх боловч 1920-иод оны эхээр ардын засгийн газрын харъяаны баг, сум болон шинээр зохион байгуулагдсан үеийн түүх ихээхэн бүдэг байдаг. 1922 оны үед манай хошуу нь Сайн ноён хан аймгийн Цогтой гүний хошуу нэртэй байжээ. Хоүууны ноён нь “Сайн ноён хан аймгийн түшээ гүний үэрэг, цолтой засаг, улсад туслагч гүн Гомбосүрэн” гэж байсан ажээ.

1923 оны эхээр засгийн газраас “Нутгийн захиргааны дүрэм”, “засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм” гэсэн орон нутгийн засаг захиргааны тогтолцоог шинээр төлөвшүүлэх зорилготой эрх зүйн хоёр баримт бичиг гаргасан байдаг. Нутгийн захиргааны дүрэм нь 1923 оны 3-р сарын 22-ны өдөр батлагджээ.

Өмнө нь хаад ноёдынхоо алдар нэрээр нэрлэгдэж байсан хошууд болон аймгийг тухайн орон нутгийн онцлог, хүндэлдэг уул усны нэрээр нэрлэх болсон байна. Ингээд Баянхонгор хайрхан уулын хошуу болгож хошуу Тамгын газрыг байгуулжээ. Энэ тухай тус хошууны анхдугаар их хуралд хошуу дарга Чүлтэмсүрэн гэдэг хүн илтгэхдээ /Манай хошуу 1923онд анх нутгийн захиргаа байгуулан, хүн ам, хөрөнгө малуудын тоог тоолж, Тамгын газар 4 хэлтсийг шинэчлэн сонгож, хууль дүрмийн дотор ажил үүрэг гүйцэтгэж байна/ гэмээн илтгэжээ.

Сумын тухай товч танилцуулга. Бөмбөгөр сум 1923 онд байгуулагдсан. 1923 оны засгийн газрын шийдвэрийн дагуу хамжлагыг халж, хошуудын нэрийг өөрчилж, Цогтой гүний хошууг Баянхонгор хайрхан уулын хошуу хэмээн нэрэлсэн байна. Аж ахуйн  шинжээр сумдыг байгуулахад  манай сум анх 50 өрх, 8 багтай Цэцэрлэг мандал аймгийн Бөмбөгөр Хайрхан нэртэй сум байгууллагдаж 1924 оноос ажиллаж эхэлжээ. Сумын төв нь 1930-аад оны үед нүүдлийн байдалтайгаар тус сумын нутаг Тай, Цагаан ингэний гүн , Улаан худаг зэрэг газруудад нүүдэллэж , захиргаа нь гэр  контортой ажиллаж байсан ба 1938 оноос одоогийн сумын төв байгаа Худаг сүүжийн дэнжид суурьшжээ.

1931 онд Өвөрхангай аймгийн харъяанд шилжиж харъяалагдсан ба 1934 онд эргэж Архангай аймгийн харъяанд  шилжин улмаар 1941 оны Улсын бага хурлын шийдвэрээр  Архангай аймгаас тасарч Бөмбөгөр аймаг байгуулагдан, одоогийн сумын төвд анх төвлөрч байсан түүхтэй.

Сумын анхны Засаг захиргааны зохион байгуулалтаар анхны дарга Баатарын Лхагвасүрэн ажиллаж байсан.Захиргааны дарга, туслах түшмэл , зарлага гэсэн орон тоотой байжээ. 1930 оноос дарга, нарийн бичгийн дарга, зарлага, найман багийн дарга ажилласан. 1938 оноос орлогч даргын орон тоо нэмэгдсэн байна. Бөмбөгөр сумын түүхэнд аймгийнх нь харъяалал  3 дахин өөрчлөгдсөн тохиолдол бий.

ГАЗАР НУТГИЙН БҮТЭЦ НЭГДМЭЛ САНГИЙН ХЭМЖЭЭ :

Тус сум 304377 мянган га нутаг дэвсгэртэй . Үүнээс Хөдөө аж ахуйн газар 298985,1 га , Хот тосгон бусад суурийн газар 7522,7 га, Усан сан бүхий газар 402 га, Зам шугам сүлжээний газар 1329,4 га 1 га газар нь Улсын тусгай хэрэгцээний газар нутаг юм.

БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ:

Бөмбөгөр сумын нутаг дэвсгэр нь монгол орны физик газарзүйн мужлалаар  Хангайн нурууны өвөр хэсэгт Байдраг , Өлзийт голын  савд оршино.Далайн түвшнээс дээш  дунджаар 1600-2000 м өргөгдсөн. Уулт хээрийн бүсэд багтдаг. Сумын нутгийн хойд захын цэг Заг . Галуут сумтай, өмнөх цэг нь  Баацагаан сумтай, зүүн захын цэг нь Галуут, Баян-овоо сумдтай , баруун захын цэг нь Бууцагаан сумтай хиллэдэг.

Улаан сайр 1-р баг, Хөх толгой 2-р баг, Бургас 3-р баг, Задгай 4-р баг гэсэн 4 багттай. Сумын тахилгат уул нь Цогтой хошууны тахилгат  Их цагаан овоо , Номын хан гэгээний тахилгат Ямбат хайрхан, Мэргэний багийн тахилгат  Балганат хайрхан, Үйзэнгийн багийн тахилгат Дааган дэлийн овоо, Ёстын багийн тахилгат Тахилгат хайрхан, туслагчийн багийн тахилгат Бөмбөгөр хайрхан юм.

Газар хөдлөлийн эрчим 7-8 балл  гэж үнэлжээ.

АШИГТ МАЛТМАЛ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ. Тус сум нь алтны шороон болон үндсэн орд, чулуун нүүрс, төмрийн хүдэр , зэс зэрэг өнгөт ховор мяталл, усан ба утаат болор, хаш, мана, номин, зэрэг эрдэнийн чулуулагтай. Наанги шавар, элс шохойн чулуу, хайрга, боржин зэрэг барилгын материалын түгээмэл тархацтай, Дэлгэрийн булаг, Бумбат, Байдраг, Дөрөлжийн худаг, Замын үзүүр, Түмэн хоньт, Шийрийн түнтгэр уул Тогоотийн Шовх Даамай, Хув, Цагаан сайрын булан, Хайрхан, Ховоотын худаг, Орхомбо, Овоотийн хөндий, Улаансайр, Цахир жалга, Бөмбөгөрийн орчимд ашигт малтмалын хайгуул хийгдсэн байна. Сумын нумаг Байдраг голын зүүн хажуугийн Жугамын амнаас одоогоос 2.5 тэрбум жилийн өмнө протерозейн эринд үүссэн боржин нуруу олдсон нь манай улсын хамгийн эрт үүссэн чулуу болох байгалийн чухал дурсгал. ХӨРС УРГАМАЛ. Цайвар хүрэн, уулын хүрэн, говийн элсэрхэг бор хөрстэй, уулын болон тал хээрийн ургамалтай. Нэн ховор ургамал монгол хундага, эмийн ургамал болох говийн ганга, урал чихэр өвс, алтан гагнуур, царван, дэгд, тарваган шийр, таван салаа, бэрээмэг, цагаан агь, тошлог навчит бургас, буйлс , харгана, далан хальс, зэрэг модлог ургамал ургадаг.Бэлчээрийн талбайд хялгана, агь, хиаг, ерхөг, суль, ботууль, таана, хөмөл зэрэг ургамалтай. АМЬТАД.Ховор амьтан аргал, янгир, ирвэс, шилүүс, түгээмэл, тархацтай амьтан чоно, үнэг, мануул, хярс, дорго, хүрэн, зурам, туулай, тарвага, ятуу, ногтруу, зэрэг ан амьтадтай, тас, бүргэд, хойлог болон ангир, галуу, хун, нугас, цахлай, тогоруу зэрэг нүүдлийн шувуудтай. Үүний зэрэгцээ Монголын бахархалт шувуугаар бүртгэгдээд байгаа Шонхор манай нутагт бий.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын шинэ үндсэн хууль 1992 онд батлагдан орон нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдэж “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч бурэлдсэн энэ үед тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 1992 оны 11 дүгээр сард анхны хуралдаанаа хийж сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын бүрэн эрхийг зөвшөөрч ИТХ-ын орон тооны бус хурлын дарга, орон тооны нарийн бичгийн даргын сонгосноор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

1996 оноос Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдсэн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга орон тооны болсон учир орон нутгийн сонгуулийг зохион байгуулж ИТХ-ын дарга, болон нарийн бичгийн дарга нарыг сонгон ажиллуулдаг болсон.

ИТХ-ын дарга нар                                                                     ИТХ-ын дарга нарийн бичгийн дарга нар

1.Цэрэнхүүгийн Сосорбарам                                                     1.Сумъяагийн Дэлгэр

2.Бадмаабазарын Дорж                                                             2.Түндэвийн Загдаа

3.Жүгдэрийн Тогтох                                                                     3.Амгаагийн Хүрэлсүх

4.Амгаагийн Хүрэлсүх                                                                  4.Түндэвийн Загдаа

5.Сандивын Баатар                                                                       5.Ганболдын Магнайбаяр

6.Хоньч Мөнхбаатар                                                                     6.Баасангийн Мэндбаяр

7.Лувсандашын Оюундэлгэр   

8.Доржын Мөнх-эрдэнэ

9.Сандивын Баатар           

СУМЫН ЗАХИРГАА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тус сум аймагтайгаа шууд харилцдаг Засаг захиргааны үндсэн нэгж болсны дараа 1931 оноос сумын Захиргааны дарга Нарийн бичгийн дарга Галч, сахиулын зэрэг цалин бүхий орон тоотой болсон байна.

1948 онд сумын Захиргааны орлогч даргын орон тоо бий болж анхны даргаа  Цогтын Намсрайжав нарийн бичгийн дарга нь Баатарын Лхагвасүрэн нар ажиллаж байжээ.

 Тус сумаас 1921 онд хуралдсан улсын анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр Занги Цолмон, Сумхүү, Балдан нар оролцож, анхдугаар үндсэн хуулийг баталсан байна.

1959 онд улс даяар нэгдэлжих хөдөлгөөн ялсны дараа сумын даргыг Нэгдлийн даргын албан тушаалтай нэгтгэснээр сум нэгдлийн дарга гэсэн нэг удирдлагатайгаар 1990 он хүртэл ажиллажээ.

Монгол улсын шинэ Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оноос орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга нарыг нэр дэвшүүлж томилох ажил явагдаж АДХ-ын гүйцэтгэх захиргаа, сумын даргын албан үүргийг сумын Засаг дарга түүний тамгын газар гүйцэтгэх болжээ.

Энэ шинэ хуулийн дагуу тус суманд 1992 оны 10 дугаар сард сонгууль явагдаж Засаг даргаар Д.Лхамдорж Засаг даргын орлогчоор С.Дэлгэр, Тамгын газрын даргаар Ц.Бямбаа туслах түшмэлээр С.Сумъяа Багийн засаг даргаар Л.Дамба, Б.Соднодаржаа, С.Аюушжав, Ж.Тогтох нар томилогдож ажиллаж байсан.

1930 оноос хойш сумын дарга, Засаг дарга нар                 Захиргааны болон Засаг даргын орлогч

1.Ц.Намсрайжав                                                                         1.М.Цэрэн

2.Ж.Пүрэв                                                                                     2.О.Даваажав

3.Б.Содном                                                                                  3.Лхүндэв

4.Б.Лхагвасүрэн                                                                          4.Шартолгой

5.Баасан                                                                                       5.Ж.Буниа

6.Д.Дорж                                                                                     6.Ч.Пүрэвжав

7.Цойдон                                                                                     7.Л.Дорж

 

2022-09-01 00:00:00