Малчид төлчдийн зөвлөгөөн 2025 үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум мал сүргээ таван төрөл дээрээ өсгөж жилийн эцсийн мал тооллогоор 289.3 мянган толгой мал тоолуулж, аймагтаа мал сүргийн тоогоороо хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

Буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж яваа Бөмбөгөр сумын малчин түмэн өнөөдөр малчид тариаланчдынхаа зөвлөгөөнийг хийж, Луу жилийн амжилт бүтээлээ хэлэлцлээ.

Зөвлөгөөнд АЗДТГ-ын дарга Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг оролцож, аймаг орон нутгийн бодлого төлөвлөлт, авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, малчдын талаар төрөөс баримталж буй бодлого, хууль тогтоомжийн талаар сургалт мэдээллийг хийлээ.

Төрөлх хонгор нутгийн малчин түмэндээ хандаж ирүүлсэн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг толилуулсанаар ажлын хэсгийнхэн малчдын сонирхсон асуултад хариулт өгч, анхаарах асуудал, зөвлөгөөг газар дээр нь өгөв.

Нарийн микрон бүхий ноолуурын улаан ямаагаараа улсдаа алдартай Бөмбөгөрчүүд луу жилдээ ургац арвин, бүтээл өндөр байжээ.

Сум орон нутгаас тодруулсан сумын аваргуудын шагналыг АЗДТГ-ын дарга сумын удирдлагуудын хамт гардуулж, малчин тариаланчдынхаа амжилт бүтээлийг нь хуваалцлаа.

2025-02-11 10:28:25