Бөмбөгөр сум

 

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум - Дашгалдан жасын хийдийн туурь Бөмбөгөр сумын гуравдугаар багийн Нутаг байшингийн хөндийд Дашгалдан жасын хийдийн туурь нь байдаг. Гэвч тус хийдийг чухам хэдий үед байгуулагдсаныг нь өдгөө мэдэх хүнгүй болжээ. Тус хийд нь нэлээд олон лам хувраг суудаг хурал номын томоохон өргөө байсан аж. 1927 оны үеэс төр засгаас шашны эсрэг эдийн засгийн шахалт хавчилт үзүүлж, сүм хийд болон лам нарт албан татвар ноогдуулах болсон байна. Энэ үед ихэнх цол, хэргэм багатай лам нар нь хар болж, мал маллан тариа тарьж, жин тээх зэргээр амьдрах болсон байна. Хийддээ үлдсэн лам нарыг толгой лам нараар удирдуулсан улс төрийн эсрэг хуйвалдааны хэрэгт хилсээр буруутгаж баривчлах болсон байна. Чухам энэ он жилүүдэд Дашгалдан жасын хийд сүйтгэгдсэн ажээ. Энэ хийдэд сууж байсан лам нараас сүүлийн үед амьдарч байсан нь Содном гэлэн, Бямба гэлэн, Далхжав гэлэн, Галдан лам нар юм. Мөн Намсрай, Нацаг, Гонгор, Банди, Цогзол зэрэг лам нар энэ хийдэд сууж байсан гэсэн баримт байна. Хийдийн хамгийн сүүлчийн хувраг Вандангийн Дэмбэрэл нь 1938 оны зун 45 насандаа баригдаж яваад 1938 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын XXVII хурлын шийдвэрээр цаазлагдсан байна. Энэ үед манай сумаас 18 лам баригдаж явсан гэсэн аман яриа байдаг. В. Дэмбэрэл нь 1992 оны 7 сарын 6-ны Дээд шүүхийн цэргийн коллегийн XI магадлалаар цагаатгагдсан байна.

2022-09-01 00:00:00