Бөмбөгөр сум

Тус сумаас баруун тийш 6-7 км-ийн зайд орших хайрханыг Дашдоо гүний үед "Өлзийт хайрхан" гэж нэрлэн хошуу нутгийн өлзий буян нь бат орших баян чинээлэг амьдралтай байхыг бэлэгдэн намар тайж тахидаг байсан ба одоо нутгийн ард түмэн өвөрт нь суварга босгон хүндэтгэн дээдэлж, шүтэж залбирдаг юм.  

1921 оны ардын хувьсгал ялснаас хойш Бөмбөгөр хайрхан хэмээн нэрлэж, 1941 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор гурван аймаг шинээр байгуулагдахад  Баянхонгор аймгийг "Говь Бөмбөгөр аймаг" нэртэйгээр Бөмбөгөр хайрханы өмнөх талбайд анх байгуулж байсан түүхт газар билээ. Мөн энэхүү хайрханыг нутгийн зон олон эмэгтэй савдагтай хэмээн хэлэлцдэг бөгөөд эмэгтэй хүн орой дээр нь гардаггүй байна. 

Уг хайрханы хормой бэлээр нь элбэг байх хүүхдийн тоглоом шиг бөөрөнхий чулуудыг энэ хайрханы савдагын үр хүүхдүүдийн тоглоом наадгай хэмээн домоглон хэлэлцдэг ажээ.

2022-09-26 00:00:00